Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөлөл 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газарт ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Энэхүү уулзалтын гол зорилго нь нийслэлийн хэмжээнд эх, нярайд үзүүлж буй төрөлжсөн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, тусламж үзүүлэгч байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалд бодлогын түвшний анхаарал хандуулах, харилцан уялдаа холбоог сайжруулах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байв.

Уулзалтад Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н.Батсайхан, Нийслэлийн Хүрээ амаржих газрын дарга Ш.Алтантуяа, Нийслэлийн Амгалан амаржих газрын захирал Ц.Батболд нар оролцож, тус тусын байгууллагын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүй оролцож, нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Энэхүү уулзалт нь нийслэлийн амаржих газрын удирдлага, мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг бодлого боловсруулагч нарт хүргэх, нийгмийн эмзэг бүлгийн нэг болох эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт боллоо.